Тэрхийн Ццагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур юм. Тэрхийн цагаан нуурын зүүн эрэг дээр овоо бүхий дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад "Тэр их цагаан нуурыг хараа" хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу Тэрхийн цагаан нуур гэдэг нэр бий болсон гэсэн домог байдаг. Нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бөгөөд тэр нь Суман гол юм . Нуур буй газар урьд өвс бэлчээр сайтай уужим тал байжээ.

Тал дунд нэг худаг байсан бөгөөд эмгэн өвгөн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байжээ. Гэтэл эмгэн нь нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ. Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхийг усны үер авах аюул нөмөрлөсөн үед Бөхмандал гэгч нэгэн их хүчтэн Уран Мандал уулын оройг тасдан аваад худгийн ам руу шидэн хаасанд хальсан ус нь Тэрхийн Цагаан нуур болон тогтжээ. Ийнхүү гэнэт нуур тогтсоныг нутгийн нэг хүн хараад: "Тэр их нуурыг хараач" гэсэнд уг газрыг ийнхүү нэрлэж байснаа хожим Тэрх болон хувирчээ. Бөхмандалын авчирч худгийн амыг хаасан гэдэг толгойг Нуур толгой гэдэг бөгөөд үнэхээр ч Нуур толгойг Уран Мандал уулын оройд аваачаад тавьчихвал яг эвээрээ таарах шинжтэй харагддаг гэсэн өөр нэгэн домог бий. Тэрхийн Цагаан нуур ч гэдэг "Тэрх гэдэг нэр нь эртний түрэг хэлний Тагк (ширүүн, түргэн) гэсэн үг болно.Тэрхийн гол нь уулын гол учир ийн нэрлэсэн нь сүүлд нуураа нэрлэх нэр болжээ." гэж О. Сүхбаатар тайлбарлажээ.

Эх сурвалж: О.Сүхбаатар. Монгол газар усны нэрийн домог УБ. 2001 он

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР