СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА НЬ:

Сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг  хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны  байгууллага юм.

АЛСЫН ХАРАА

ЭРХЭМ ЗОРИЛГО

Арвин хатан Сэлэнгэ мөрнөө

Ард түмэнтэйгээ хамт хайрлан хамгаалж

Үзэсгэлэнт сайхан Сэлэнгэ мөрнөө

Үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь

Бидний эрхэм зорилго.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

            Сав газрын захиргаа нь үйл ажиллагаандаа Усны тухай, Ус бохирдуулсны  төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон бусад хуулиуд,  тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, тогтоол шийдвэрийг мөрдлөг болгон дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  • - Сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
  • - Сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • - Бүх шатны Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах;
  • - Гол, мөрөн, нуур, усны  эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны  орд газрыг  улсын болон орон нутгийн тусгай  хамгаалалтад  авах  үндэслэлийг боловсруулах;
  • - Сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын  байдалд байнгын хяналт тавьж ажиллах;
  • - Хоногт 50-100 шоометр ус ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, ус болон усан орчин ашиглуулах дүгнэлт гаргах;
  • - Улсын чанартай усны барилга байгууламж барихад дүгнэлт гаргах;
  • - Услалтын систем барих, шинэчлэх, засварлахад дүгнэлт гаргах;
  • - Ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргах;
  • - Сав газар дахь хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллагад ус ашиглах зөвшөөрөл олгох;
  • - Хоногт 100 шоометрээс их ус ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглах зөвшөөрөл олгох;
  • - Хоногт 50 шоометрээс их хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгох;
  • - Төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай гэрээ байгуулах;
  • - Ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн  дагуу  ногдуулах үндэслэлийг тодорхойлох;
  • - Ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус  зайлуулах цэг тогтоох;
  • - Усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
  • - Сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах;
  • - Ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, суваг хоолой  татах тухай  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг үндэслэн ус ашиглуулах дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулах;
  • - Сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харьяалах орон  нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах;
  • - Ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах,  байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл  гаргах болон хуульд  заасан бусад бүрэн эрх.

САВ ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нутаг дэвсгэр:

Сэлэнгэ голын сав газар нь 5 аймаг, 24 сумын 31,395.0 км.кв нутаг дэвсгэрийг хамардаг бөгөөд Сав газрын ус хурах нийт талбайн 46.2 хувь Булган аймагт, 27.7 хувь Сэлэнгэ аймагт,  25.4 хувь Хөвсгөл аймагт, 0.7 хувь Архангай аймагт, 4.6 хувь Орхон аймагт тус тус оногдож байна.

Ус ашиглалт:  

            Сэлэнгэ голын сав газрын усны хэрэглээ-ашиглалтын байдлыг тооцоход жилд дунджаар 32,0 сая м3 ус ашиглагдаж байгаагаас усалгаатай газар тариаланд 13.71, мал аж ахуйд 2.83, унд ахуйд 0.11, үйлдвэрт /хөнгөн, хүнс, барилга/ 0.12, уул уурхайд 0.03, усыг шилжүүлэн ашиглахад 15.14 сая м3 ус тус тус хэрэглэж байна.

Сэлэнгэ мөрний татам дахь Ахай гүний хошууны газрын доорхи ордыг Эрдэнэт хотын ус хангамжийн эх үүсвэрээр ашиглаж байна.

 

Сэлэнгэ мөрөн

Манай орны хамгийн том 9 дүгээр эрэмбийн гол болох Сэлэнгэ мөрөн нь Дэлгэрмөрөн, Идэр голын бэлчрээс эх авдаг хэдий ч Дэлгэрмөрөнийг бодвол ус ихтэй, урт Идэр голыг Сэлэнгэ мөрний эх гэдэг байна.

Сэлэнгэ мөрөн Байгаль нуурт цутгах агаад 425245 ам км ус хурах талбайтай, үүнээс 282154.1 ам км буюу 66 хувь нь Монголын  нутагт оршино. 

Сэлэнгэ мөрөнд манай  орны томоохон гол мөрөн болох Дэлгэрмөрөн, Идэр, Эг, Чулуут, Хануй, Орхон голууд цутгана.

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР