Онги-Таац голын сав газрын захиргааны эрхэм зорилго:
Усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, зүй зохистй ашиглалтыг бий болгон сав газрын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад оршино.
Онги-Таац голын сав газрын захиргааны алсын хараа:
Сав газар дахь хязгаарлагдмал усны нөөцийн зөв зохистой хэрэглээг зохицуулдаг, усны ухаалаг менежментийг хэрэгжүүлсэн салбартаа тэргүүлэгч хамт олон байх.
Онги-Таац голын сав газар
Онги-Таац голын сав газар нь Өвөрхангай аймгийн 11, Өмнөговь аймгийн 7, Дундговь аймгийн 2 сумын нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 64.650.3км2 талбайг эзэлдэг. Тус сав газар нь газарзүйн тогтоцийн хувьд: Хангай, тал хээр, говийн бүсийг дамжин оршдог өвөрмөц тогтоцтой.
Онгийн гол нь Уянга сумын нутаг дахь Хангайн нуруунаас эх авч 435 км урсахдаа гурван аймгийн нутгаар дамжин урсаж Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Улаан нуурт цутгадаг.
Таацын гол нь Уянга сумын Жаргалант багийн Хангайн нурууны баруун өврөөс эх авч Нарийнтээл сумын нутгийг дамжин 200 км урсч Баруунбаян-Улаан сумын нутаг дахь “Таацын цагаан нуур”-т цутгадаг.
Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр, Хайрхандулаан, Нарийнтээл, Гучин-Ус, Баянгол, Төгрөг, Богд, Баруунбаян-Улаан сумд Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булган, Сэврэй, Баяндалай, Ханхонгор, Цогт-Овоо, Даланзадгад сумд Дундговь аймгийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумд тус тус хамрагддаг.
Хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд:
- Онги-Таац голын сав газрын захиргаанаас 2018 онд Монгол улсад Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн хүрээнд ойн нэрэмжит усан оргилуур, хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг 560м2 талбайд хийж гүйцэтгэв. Ойн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан газрын 342м2 талбайд зүлэгжүүлэлтийн ажлыг хийж, 780 гаруй мод тарин ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Мөн ойн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн 9м2 талбайд усан оргилуур, хөшөө босгож, 9м2 талбайд явган хүний зам тавьж, сандал, гэрэлтүүлэг байрлуулж, нийт 21 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэв.
- 2020 онд БОАЖЯ, Усны газар, Экологийн цагдаагийн албанаас хамтран зарласан “Цэнхэр алт-Усаа хайрлая!” аяныг Өвөрхангай аймагт амжилттай зохион байгуулж, монгол улсын 21 сав газрын захиргаанаас 1-р байрт шалгарсан.
- Онги-Таац голын сав газрын захиргаа нь 2015 оноос хойш ашиглах боломжит усны нөөцөд тулгуурлан жил бүр аймгийн төсөвт ус ашиглуулсны төлбөрийг төвлөрүүлдэг. Энэ хугацаанд жил бүр төвлөрүүлэх татварын орлогыг давуулан биелүүлж нийт 2,375,070.8 төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.
- Аймгийн БОАЖГ-тай хамтран Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Онги, Дайргын гол дагуу хөрсөнд үл нэвчих био ариун цэврийн байгууламж 3 ширхэг, зориулалтын хогийн цэг 3 ширхэг тус тус суурилууллаа.
- УЦУОША-тай хамтран усны харуулыг түшиглэн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийн талаарх мэдээлэл бүхий самбарыг Арвайхээр, Уянга, Бат-Өлзий, Өлзийт, Нарийнтээл сумдад тус бүр 1 ширхэг, Хархорин суманд 2 ширхэг , нийт 7 газарт байршуулав.
- 2021 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд БОАЖГ, Хувийн хэвшил, Сумдын ЗДТГ-тай хамтран Нарийнтээл суманд 2, Хайрхандулаан суманд 3, нийт 5 булгийг хашиж хамгаалах ажил хэрэгжүүлэв.
- 2019 онд Өмнөговь аймгийн Булган сумын Хадат булгийн усан санг лайдах, шороон боомтыг сэргээн засварлах ажлыг Өмнөговь аймгийн БОАЖГ, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа, Сум дундын ойн ангитай хамтран гүйцэтгэлээ. 2021 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд “Аргалаа аврая” аяны хүрээнд Баруунбаян-Улаан сумын Хүүхдийн ус 2 дугаар багт байрлах “Балбагын ам” гэх газарт хур бороо, цасны усыг хуримтлуулан зэрлэг ан амьтан ундаалах боломжтой хөвийг байгуулж ажиллав.
- 2021 онд ус ашиглалт болон бохир усны мэдээлэл дээр тулгуурлан Арвайхээр суманд 211, Даланзадгад суманд 177 ААН-д хаягдал усны дүгнэлт гарган ажиллав.
- 2015 оноос хойш нийт 31 удаагийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, 30000 гаруй хүүхэд залуус, иргэд, олон нийтэд ус, байгаль орчны талаар мэдээлэл хүргэн ажиллалаа.
- Сав газрын харьяа сумдад жил бүр усны тоо бүртгэлийн ажлыг зохин байгуулж усны мэдээллийн санд оруулан иргэд олон нийтийг мэдээллээр ханган ажиллаж байна.