САВ ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
Онон болон Улз голын сав газар нь Монгол орны зүүн хойд хязгаарт нийт 66018.3 км.кв оршдог. Номхон далайн ай савд багтах бөгөөд Онон голын сав газар нь 3 аймгийн 11 сумын нутаг дэвсгэрийг хамран 28715.7 км.кв , Улз голын сав газар нь 2 аймгийн 11 сумын нутаг дэвсгэрийг хамран 37302.6 км.кв тус тус хамран оршдог.
Онон голын сав газар: Номхон далайн ай савд хамаарах хамгийн том усан судал болох Амар мөрний эх нь Монгол орны байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутгуудын нэг Хан Хэнтийн уулсаас эх авсан Онон гол бөгөөд энэ нь Амар мөрний нийт ус хурах талбайн 9 хувийг эзэлдгийн дээр бусад цутгал голуудаас хамгийн цэвэр, тунгалаг устай нь юм. Онон гол Хан Хэнтийн салбар уулсын үзэсгэлэнт сайхан хангай уулс хоорондын хөндийнүүдээр урсаж буй голууд, үржил шимт хөрс шороо, ой мод, өвс ургамал, төрөл бүрийн жимс жимсгэнэ ургах амьдралын таатай нөхцөлийг бүрдүүлэн Хан Хэнтийн дархан цаазат газар, Онон-Балжийн байгалийн цогцолбор, Гутайн даваа Хөмүүл голын байгалийн цогцолбарт газруудад хамаарч байдгаараа онцлог юм.
Улз голын сав газар: Хэнтий нурууны зүүн хэсгийн дэд мужаас Онон голын дэд мужийн зүүн өмнүүр баруун урдаас зүйн хойд руу чиглэлтэй орших Сибирийн их тайгын өмнөд хил, Дорнод Монгол хээрийн экосистем хоорондын завсрын бүс (экотон) ойт хээр, хээрийн экосистем бүхий нутаг бөгөөд Монгол орын хамгийн нам дор газрын хээр, ус намгархаг газар (Хөх нуур-560 м) энэ бүс нутагт байдгаараа онцлог юм. Энэ сав газарт Монгол Дагуурын Дархан цаазат газар, Яхь нуур, Угтам, Баяндун уул, Хөх нуур байгалийн үзэсгэлэнт, нөөц газар олон байдаг.