Сав газрын захиргааны танилцуулга:
Идэр голын сав газар нь 3 аймгийн 16 сумын нутаг дэвсгэрийг хамран нийт ус хурах талбай 24,555 км квадрат талбайг эзэлдэг. Сав газрын газар нутгийн дийлэнх буюу 65,2 хувь Завхан аймаг, Хөвсгөл аймаг 31,8 хувь Архангай аймгийн 3 хувь тус тус эзэлнэ. Сав газарт Завхан аймгийн Идэр, Тэлмэн, Их-Уул, Тосонцэнгэл, Яруу, Отгон, Нөмрөг, Алдархаан , Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Цэцэрлэг , Архангай аймгийн Цахир, Тариат, Цэцэрлэг сумууд хамрагддаг.
Сав газрын онцлог:
Идэр гол нь Хойд мөсөн далайн ай савд багтах бөгөөд Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханаас эх авч Булнай, Тарвагатайн нурууны хөндийгөөр урсан Дэлгэрмөрөн болон Бүгсэй голтой нийлнэ. Идэр гол нь 7-р эрэмбийн гол юм. Идэр голын сав газрын 93,8 хувийг ойт хээрийн бүс, 6.2 хувийг өндөр уулын бүс тус тус эзэлнэ. Идэр голын сав газар нь байгалийн мужлалаар Хангайн уулт өндөрлөгийн төв хэсгийн өндөр уулын ян сарьдагийн дэд мужид багтах бөгөөд гүн хөндий, эгц цавчим хажуу бүхий өндөр уулууд нь Идэрийн голын эхээр далайн түвшнээс дээш 4031 хүртэл м өндөртэй байдаг.
Эрхэм зорилго
Чандмань эрдэнэ усаа дээдлэн
Эх нутгаа хайрлан хамгаалъя
Хатан тунгалаг усаа дээдлэн
Хангай нутгаа шүтэн хайрлая
Урсгал дундрашгүй арвин
Эхийн сүү шиг эвлэн ундаалсан
Идэрийн голоо хайрлан хамгаалах нь
Бидний эрхэм зорилго юм.
Хийж гүйцэтгэсэн томоохон ажлууд.
Сав газар хамрагдах Хөвсгөл, Завхан аймгийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн зураглах ажлыг Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа, Дэлгэр мөрөн Шишхэд голын сав газрын захиргаатай хамтран гүйцэтгэж Завхан, Хөвсгөл аймгийн ИТХ-ын тогтоолоор батлуулсан.
Жил бүр Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хуулийн зүйл заалт бүхий анхааруулах самбар, тэмдэг тэмдэглэгээг хийж байршуулдаг.
2017 онд сав газрын захиргаа өөрийн хөрөнгөөр Тосонцэнгэл сумын Тээлийн булгийн эхийг хашиж хамгаалсан.
Байгаль орчин уур амьсгалын санд булаг хаших төсөл хүргүүлэн дэмжигдэж 2019 онд Завхан аймгийн Их-Уул сумын Улаан чулуутын булаг, Тосонцэнгэл сумын Сүвээ булгийн эхийг хашиж хамгаалсан.
Тосонцэнгэл сумын Хожуулын рашааныг шинжилгээнд хамруулсан.
Жил бүр сав газарт хамрагдах сумдын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад усны үнэ цэнэ, хомсдол бохирдлын талаар мэдээлэл өгч, эх дэлхийгээ хайрлах, усаа хэмнэх зөв дадлыг эзэмшүүлэх зорилгоор уралдаан тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын санхүүжилтээр 2021 ны 7 сард Тосонцэнгэл сумын Идэр багийн Ташгайн булгийн эхийг хашиж хамгаалсан. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжлийн халуун рашааны эхийг тус тус хашиж хамгаалсан.
Унаган байгалийн хүлцэл ба тогтворжилтыг хангах төслийн нэгжтэй Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Халуун усны рашаан” хэмээх булгийг хашиж хамгаалах гэрээ байгуулж, булгийн тохижилтын ажлыг хийж 2021.12.01-нд Төслийн нэгж болон Тосонцэнгэл сумын хамтарсан ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн.
Идэр голын эхийг хамгаалах төсөл арга хэмжээг боловсруулан хүргүүлсэний үр дүнд БОАЖ сайд дэмжин 50.000.000 төгрөгийг шийдвэрлэсэн.