Сав газрын товч танилцуулга: Хар нуур-Ховд голын сав газар баруун талаараа Монгол Алтайн нуруу, хойт талаараа Сийлхэм, Чихачевийн нуруу, Их Түргэн уул, ОХУ-ын нутаг дахь Мөнгөн тайга уул, зүүн талаараа Хархираа, Түргэний уулс, Бураат, Алтан Хөхий уулс, улмаар Их нууруудын хотгорын ёроол, өмнө талаараа Сутай хайрхан, Дарвийн нуруу, Хүйсийн говиор хүрээлэгдэн 86120.8 ам км нутаг дэвсгэрийг хамран оршино. Усзүйн сүлжээгээр Ховд, Буянт гол, Хар Ус-Дөргөн нуур гэсэн сав балансын гурван нэгжид хуваагддаг. Ховд гол 50149.2 ам км, Буянт гол 8393.5 ам км, Хар Ус-Дөргөн нуурын өмнөд сав 27578.2 ам км тус тус талбайг хамран оршино.

Сав газарт хамраарах Засаг захиргааны нэгж: Баян-Өлгий аймгийн Алтай, Алтанцөгц, Баяннуур, Бугат, Буянт, Дэлүүн, Ногооннуур, Сагсай, Толбо, Цэнгэл, Улаанхус, Өлгий зэрэг 12 сумын нутаг дэвсгэрийн 39409.4 ам км талбай буюу энэ сав газрын нийт талбайн 47.2 хувийг эдгээр сумдын нутаг дэвсгэр эзэлнэ.

Ховд аймгийн Буянт, Чандмань, Дарви, Дөргөн, Дуут, Эрдэнэбүрэн, Жаргалант, Ховд, Манхан, Мөнххайрхан, Зэрэг, Мөст, Мянгад зэрэг 13 сумын нутаг дэвсгэр 31536.6 ам км талбай буюу энэ сав газрын нийт талбайн 37.7 хувийг эзэлнэ.

Увс аймгийн Бөхмөрөн, Ховд, Өлгий, Өмнөговь зэрэг 4 сумын нутаг дэвсгэрийн 6991.6 ам км талбай буюу энэ сав газрын нийт талбайн 8.4 хувийг эдгээр сумдын нутаг дэвсгэр эзэлнэ. Харин Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 1247.9 ам км (1.5 хувь) ба Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2342.1 ам км (2.8 хувь) тус тус талбай энэ савд хамрагдана.

Газар зүйн нөхцөл: Өндөр уулын бүслүүрт Алтай нурууны ян сарьдаг, мөстөл, хур цас (Монгол орны нутаг дэвсгэрийн 1.9 хувь) орох ба мөн 5.5 хувийг уулын хээр эзэлнэ. Говийн бүсэд Их Нууруудын хотгор орно. Говь нь дотроо цөлжүү хээр (9.1 хувь), заримдаг цөл (14.3 хувь) гэж хуваагдана.

Хар нуур-Ховд голын савын газарт Монгол Алтай нурууны ноён оргилууд, үүний дотор далайн төвшнээс дээш 4374 м өргөгдсөн Алтайн Таванбогдын Хүйтэн оргил болон мөстөл мөсөн гол бүхий Мөнх Хайрхан (4204 м), Цаст (4193 м), Цамбагарав (4165 м), Хархираа (4037 м), Их Түргэн (4029 м), Сайр хайрхан (3984 м), Цагаан хайрхан (3978 м), Түргэн (3965 м), Цэнгэл хайрхан (3943 м), Баатар хайрхан (3797 м) зэрэг оргилууд бий. Монгол  Алтай,  Сийлхэм,  Их Түргэн, Цамбагарав, Сайр, Мараа, Бүргэдтэй, Баатар хайрхан, Жаргалант хайрхан, Бумбат хайрхан, Хавцал Баян, Цагаан Шувуут, Түргэн, Хархираа, Алтан Хөхийн уул нурууд баруун хойноос зүүн урагш чиглэн сунаж тогтсон  байдаг. Эдгээр уул нуруудад Буянт, Ховд голын усан сүлжээ, Хар-Ус, Дөргөн нуурын өмнөд савын гол, горхины урсацаас бүрдэнэ.

Хар нуур-ховд голын сав газрын захиргааны онцлог мэдээллүүд

Төв Азийн гадагш урсацгүй ай савд хамаарах Хар нуур-Ховд голын сав газар манай орны баруун нутагт орших мөнх цас, мөсөн оргил бүхий өндөр уулс, гүн өргөн хавцал хөндий, ой, ойт хээр, тал хээр, говь цөлийн бүс, олон арван гол горхи, нуур, ус намгархаг газруудаас цогцлон бүрдсэн Монголд төдийгүй дэлхийд ховор өвөрмөц нутаг юм.

Тус сав газарт монгол орны мөсөн голуудын  83,3 % оршдог төдийгүй хуурайвтар цөл, говийн нөлөөнд ихээхэн автагдсан өндөр уулын өвөрмөц уур амьсгал бүхий эмзэг экосистемүүд, Хотон, Хурган, Даян зэрэг мөстлөгийн гаралтай цэнгэг, хүйтэн устай том, жижиг нуурууд, “Олон улсын ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчныг хамгаалах тухай” конвенцийн хавсралтад бүртгэгдсэн Хар-Ус, Хар, Дөргөн нуурууд, түүний эрэг, зэгс  бүхий ус намгархаг газар зэрэг сав газрын хэмжээнд хамгаалах шаардлагатай олон экосистемүүд бий.

Монголд хамгийн олон ястан суурьшдаг нутгийн хувьд түүх-угсаатны зүйн үндэслэл чухал ач холбогдолтой. Янз бүрийн үндэстэн угсаатны байгаль орчин, ялангуяа газар, устай харьцдаг уламжлал ахуй амьдрал ихээхэн онцлогтой байдаг. Өөр өөр хэлбэл, тодорхой голын савд тодорхой түүх, үндэс угсаа, ёс заншил уламжлал, аж ахуй бүрдсэн байдаг. Иймд Хар нуур-Ховд голын савд амьдарч байгаа ард иргэдийн яс үндэс, угсаа  түүх соёл, уламлалын хувьд онцгой ач холбогдолтой юм.   

                   

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР