Сав газрын захиргаа нь: Сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага юм.
Алсын хараа: Цэнхэр алт-Цэвэр усаа хайрлая
Эрхэм зорилго: Хануй голоо хайрлан хамгаалж хойч үедээ цэвэр тунгалаг ус, цэмцгэр орчин өвлүүлэн үлдээх.
Хануй голын сав газар нь Физик газарзүйн мужлалаар Хангай-Хэнтийн уулархаг их мужийн Хангайн мужид багтдаг. Xaнгай нурууны салбар Харлагтай нурууны (3081.4 м) араас эх авах Зуун модны гол ба энэ уулын баруун араас эх авах Улаан эргийн рашааны горхи, Жаргалант гол, Хунх (2398 м) уулын ар, Цагаан-Овоот (2688 м) уулын өврөөс усжих Бургастын амны голуудын бэлчрээс Хануй гол хэмээн нэрлэгдэнэ. Хангай нурууны салбар, Бугат нурууны Намирын даваа (2208 м)-ны өврөөс эх авах Хүнүй гoл Архангай аймгийн Хайрхан сум, Булган аймгийн Баян-Агт сумын нутгийн заагт Хануй голд баруун эргээс, түүнд зүүн эргээс Дулаан Хаан (2464 м) уулын зүүн хажуугаас усжих Зуслангийн гол болон бусад олон гол, горхи цутгаж, улмаар Сэлэнгэ мөрөнтэй нийлнэ. Сав газрын ус хурах талбай 15053.7 ам км, урт нь 400 км, хэвгий 0.0034 юм. Голдирлын дундаж өндөр 1532.0 м, ус хагалбарын шугамын урт 1034 км, түүний дундаж өндөр 2273 м, усан сүлжээний нягт 0.29 км/км2, ус хурах талбайн дундаж өндөр 1756 м байна.
Хануй гол: Хануй гол нь Хангайн нурууны Хан-Өндөр уулаас эх аваад зүүн хойшоо 421 км урсаж Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Сэлэнгэ голд цутгана. Усаа цуглуулах талбай нь 14620 км квадрат. Дээд хэсэгтэй хөндий нь ойтой бөгөөд Хануй голын өргөн нь дээд эхэн хэсэгтэй 5-35 м байхад адаг хэсэгтээ 40-110 м, гүн нь 0,5-2,2 м урсгалын хурд 0,5-3,5 м/с хүрдэг түргэн урсгалтай гол юм.
Хануй голын агаарын температур нь жилд I дүгээр сард -20 -30с хэм хүйтэн, 07 дугаар сард +16 +20с хэм дулаан, жилд дунджаар 350 мм хур тунадас унадаг ба салхины дундаж хурд нь 2,6м/с хүрдэг байна.
Сав газарт хамрагдах түүхийн дурсгалт газруудаас:
Шивээт улааны цогцолбор-Баян-Агт сумын төвөөс урагш 30-аад километр зайд Хануй голын хойд талд Шивээт улаан хэмээх уулын орой дээр Y-YIII зууны үеийн Түрэгийн Эльтерес Күтлүг хааны дурсгалд зориулсан цогцолбор юм. Энд хүн чулуу 9, чулуун арслан 4, чулуун хонь 4 байжээ. Хүн чулуунууд нь шовх зах бүхий дээл өмссөн байдалтай, захын ар талд жижиг дөрвөлжин унжлагатай байдаг. Нэг хүн чулуу нь баруун ташаандаа хавтага зүүж, хоёр гартаа бумба барьсан, өөр нэг нь сэлэм атгасан баруун гараа элгэндээ авч, зүүн гараараа сэлэмний хуйн дээд хэсгээс барьсан байдалтай байдаг.
Буган чулуун хөшөө- Баян-Агт сумын төвөөс зүүн урагш 37 кмт байдаг. Монгол орны буган чулуун хөшөөний олонхи нь Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймгуудын нутагт элбэг тохиолддог. Монгол улсын нутгаас бугын дүрст сийлсэн чулуун хөшөө 550 гаруй олджээ. Энэ хөшөө нь баатар дайчин эрэгтэйчүүдэд зориулсан дурсгал бөгөөд түүнийг өвч бүрэн зэвсэгтэй нь дүрсэлсэн байдаг. Зарим хөшөөний дээд хэсэгт нар сар байдаг. Ер нь нар сар гал гурван дүрс нь нүүдэлчдээс суурвшимал Нанхиад зэрэгт дэлгэрсэн гэж түүх сударт байдаг бөгөөд Төв Азийн унаган гаралтай дүрслэл зүйл юм.