Сангийн далай

Их талын дунд сөөг дэрс хүрээлсэн жижгэвтэр нуурыг Сангийн далай гэж нэрлэжээ. Баруун хойноос урсан орох бяцхан горхи нойтон давсанд шингэн нуурын усаа нөхөх мэт. Өнгөн дээрээ шорвог хөх ус боловч гүн дотроо эрдэсийн их нөөцтэй. Тэр нөөц бол шорвог уснаас тунан тунан үелж тогтсон бор давс билээ. Бор давс ургаж байх усны шорвогийн хувь хэмжээг ухаант ван тааруулж тохируулж өгсөн нэгэн домог бий.  “Манжийн үзэмчин хошууны ноёноос 1000 тэрэг давс авч түүний оронд 1000 бяруу өгөхөөр хоног хугацааг хатуу заасан гэрээ хэлцэл байгуулсан юмсанж. Манжийхан товлосон хугацаанаасаа хоцорч ирсэнд манай хэрэгцээ өнгөрсөн, давсаа аваад буц хэмээн То ван хатуурхжээ. Үүнийг авч буцаад яах вэ? Энд асгая гэж тэнд гуйжээ. Битгий нутаг бузарлачих: Тэгвэл би асгах газрыг зааж өгнө гээд Сангийн далай нууранд хийлгэжээ...” Ингэж нутгийнхаа нууранд давс ургуулсан авай.

Шорвог устай энэ нуурт төдий хэмжээний /1000 тэрэг/ давс нэмбэл ургаж төлжих, уудалж хэрэглэхийн шүтэлцээ нь таарна гэдгийг мэдсэн То вангийн ухааны цар, өнөөгийн шинжлэх ухааны судалгаатай дүйцэж байгаа нь үнэхээр гайхалтай.

Шинэ үеийн шигтгээ:

“... То вангийн амьдарч байсан үе буюу одоогоос 200 гаруй жилийн тэртээ Сангийн далай нуур нь ус ихтэй, давс шүүтэй боловч давс ялгарах концентрацид буюу нуурын ус давсаар ханах ханалтанд хараахан хүрээгүй байв. Гэтэл То ван Сангийн далай нууранд ойролцоогоор 210тн давс хийлгэсэн нь жилийн жилд нуураас тодорхой хэмжээний давс ялгарч байх тэнцвэрт нөхцөлийг бий болгожээ.

Иймээс То ванг тухайн үеийн байгалийн шинжээч байжээ гэж дүгнэх бүрэн үндэстэй байна...” гэж физикч эрдэмтэн Б.Палам, химич Б.Аръяадагва нар бичсэн байна. Давс гэдэг хүндтэй идээний нэг. Айлаас аяга давс авбал шанага болгон өгөөрэй гэж өвгөд хөгшид захидагсан. Юунд байгаа юм бол Тэгвэл дэнсний цэнгээр хэмжих үй түмэн ширхэг давсны өглөгөө мартвал хойд насандаа их хүнд өртэй нүгэлтэн болдог ажээ. Хойч үеийнхэндээ шанагаар битгий хэл тэрэг, тэргээр, тэвш тэвшээр ачих давс ургуулж өгсөн нь То вангийн их буян юмдаа. Юм юм ховордсон дайны хүнд жилүүдэд айл өрх, арми цэргээ давсаар дутаахгүй гэж сангийн далай нуураа шүүж эхэлсэн. Энэ бол 1943 онд үйлдвэрлэл, хоршооллын газраас байгуулсан давс олзворлох тасаг юм. Хүн байгалийн хамтын бүтээл сангийн далай давсаа өгсөөр хэдэн жаран өнгөрч өнөөдөл “Давс Оргил” ББН “Давс трейд” ХХК жилдээ 150-300тн давс олзворлож байна. Цэнгийн цагаан давс нь бурзайсан Сангийн далай нууртаа нэгэн цацал өргөмүү.

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР