Хөвсгөл нуур-Эгийн голын сав газарт 2 аймгийн 11 сумын нутаг дэвсгэр хамрагддаг бөгөөд сав газрын нийт талбай нь 41679.92 км2 юм. Үүнээс Хөвсгөл аймгийн газар нутаг 33303.83 км2 буюу 79.9 хувь, Булган аймгийн газар нутаг 8376.09 км2 буюу 20.1 хувь тус тус эзэлж байна. Тус сав газар нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумын нутаг бүхлээрээ, Алаг-Эрдэнэ сумын 84 хувь, Түнэл сумын 76.6 хувь, Тариалан сумын 43.6 хувь, Ренчинлхүмбэ сумын 14.8 хувь Булган аймгийн Тэшиг сумын газар нутгийн 79.4 хувь, Хутаг-Өндөр сумын 38.7 хувь нь тус сав газарт хамрагдана.

Тус сав газар нь Монгол орны хойд талд үндсэндээ өндөр уулсын бүсэд, физик газар зүйн хувьд Хангай Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулс гэж нэрлэгдэх хэсэгт багтана. Хөвсгөлийн уулархаг нутаг нь гадаргын хувьд Сибирийн геоморфологийн их мужид хамаарах бөгөөд энэ нутгийн физик газар зүйн төрх нь Хойд Азийн эх газрын шинжтэй, өмнөд Сибирийн физик газар зүйн бүсэд оршино.

       Сав газрын нийт ус хурах талбай: 41,679.9 км2 байдаг ба гадаргын усны нийт нөөц 385,05 км3, газрын доорх усны ашиглалтын баримжаат нөөц нь 432 сая м3 буюу 0,432 км3. Нийт тус сав газрын усны нөөц нь 384,62 км3 байна. Хөвсгөл нуур болон Эг, Үүр зэрэг томоохон голуудын хувьд усны бохирдлыг илэрхийлэгч химийн элементүүдээс хамгийн ихээр илэрдэг нь аммонийн азот (NH4-N), Нитрат, нитрит, эрдэс фосфор юм. Нуур, голын харуулуудын олон жилийн дундаж мэдээллээр бохирдуулагч бодисын агууламж 0.00-0.45 мг/л байгаа бөгөөд дэлхийн цэвэр голуудын агууламжтай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм. Энэ нь Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын гадаргын усны нөөц цэвэр цэнгэг байгааг илтгэнэ. Мөн Хөвсгөл нуур болон түүний цутгал голууд, хүн амын унд ахуйд ашигладаг томоохон голуудын  усны чанарыг Байгаль орчны шинжилгээний лаборторит болон “Гадаргын усны бохирдлын индекс”-ийг үндэслэн тооцоход гадаргын усны цэврийн зэргийн ангилалын маш цэвэр, цэвэр гэсэн ангилалд хамрагдаж байна.

        Хөвсгөл нуур-Эгийн голын сав газарт хамрагдах 11 сум, суурин газрын хэмжээнд ус ашиглалт, хэрэглээг хүн амын унд ахуйн ус хэрэглээ, хөдөө аж ахуйн ус хэрэглээ, аялал жуулчлалын ус хэрэглээ гэсэн салбаруудаар ангилж сүүлийн 3 жилээр тооцоолон дараах хүснэгтэд харуулав.

Салбарын ангилал

                                         онууд

2017

2018

 

2019

2020

Хүн амын унд ахуйн ус хэрэглээ

263.183,3 м3

290.984.8 м3

 

263.400 м3

267.194,3 м3

Хөдөө аж ахуйн ус хэрэглээ

2.232.560,3 м3

1.563.295 м3

 

3.984.264 м3

4.099.201,3 м3

Аялал жуулчлалын ус хэрэглээ

90.644,4 м3

92.252.1 м3

 

53.541 м3

53.541 м3

Нийт

2.586.388 м3

1.946.531,9 м3

 

4.301.205 м3

4.419.936,6 м3

ХЭРЭГЖҮҮЛСЭН ТОМООХОН АЖИЛ, ҮР ДҮН:

  • МУ-ын ЗГ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Ерөнхий сайдын захирамж, БОАЖ-ын сайдын тушаал, Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт орж ажиллан 1985 онд Хөвсгөл нууранд живсэн БОР-500 загварын “Сүхбаатар” хөлөг онгоцыг нуураас татан гаргах ажиллагааг хамтран зохион байгууллаа.
  • Жил бүр Эгийн гол доторх болон голын эрэг дагуух хог цэвэрлэх ажлыг Онцгой байдлын газар, Сум орон нутаг, иргэдтэй хамтран зохион байгуулж байна.
  • Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2018 оны 12 дугаар 09-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Хөвсгөл аймаг дахь сав газрын нутаг дэвсгэрийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг батлуулж, дэглэмийг мөрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.
  • Хөвсгөл нуурын усны чанарын хяналтын хөтөлбөр хэрэгжиж усны хими, нуурын усны баланс, микро-биологи, усны биологи, агаарын чанар, хөрсний гүний бохирдол, газар ашиглалтын судалгааг нийт 98 цэгээс 1000 гаруй (давхардсан тоогоор) дээж авч шинжилгээнд хамруулсан.
  • Сав газрын харьяа сумдад жил бүр усны тоо бүртгэлийн ажлыг зохин байгуулж усны мэдээллийн санд оруулан иргэд олон нийтийг мэдээллээр ханган ажиллаж байна.
  • Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн 126 ширхэг тэмдэгжүүлэлт хийж, суурилуулан харьяа сумдад хүлээлгэн өгөв.
  • Усны тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэх, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус хэрэглээг тоолууржуулах ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагатай хамтран аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй 25 ААНБ-д 27 ширхэг цэвэр усны тоолуур суурилуулан ажиллаа.
  • Хөвсгөл аймгийн Татварын хэлтэстэй хамтран усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн орлогын албан татварын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцож аймгийн ИТХ-ын 2021 оны 4 дүгээр тогтоолын хавсралтаар батлууллаа.

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР