1. Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас өгсөн үүргийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Усны газрын дарга З.Батбаяраар ахлуулсан албан хаагчид “Тэнгэрлэг монголчууд” НҮТББ-тай хамтран Хандгайтын гол, Сэлбэ голуудын хамгаалалтын бүсэд хяналт тавин ажиллахад онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барьсан, худаг, цооног өрөмдсөн зэрэг олон тооны ноцтой зөрчил илэрсэн тул Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн байгаль орчны газарт зөрчлүүдийг арилгаж, шийдвэрлэх талаар мэдээлэл өгч ажиллав.

           

  

  1. Усны газрын даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумдад уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компаниудын ус ашиглалт, хаягдал усыг эргүүлэн ашиглаж буй үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан 33 компанид зөвлөмж өгч, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

    

 

  1. Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанаас зохион байгуулж буй Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн хуралд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Усны газрын дарга З.Батбаяр оролцож сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид хийгдэх ажил арга хэмжээний талаар хэлэлцэж, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважавтай уулзаж усны нөөц, хамгаалалт ашиглалт, аймгийн усны тулгамдсан асуудлуудын тухай ярилцаж, байнгын харилцан уялдаа холбоотой ажиллахаар тохиролцлоо

 

  1. Усны газрын дарга З.Батбаяр 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл нуур, түүний хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилттэй танилцахад нуурын эрэг дээр, онцгой хамгаалалтын бүсийн дотор, хамгаалалтын бүс тогтоосон тухай самбарын дэргэд барилга барих, газар ухах, хөрс хуулах зэрэг үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгжийн барилгын ажлыг зогсоож, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, барилгын ажлын зөвшөөрөл, усны дүгнэлт зэрэг бичиг баримтгүй байгаа учраас холбогдох газрын гэрчилгээ, тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох шаардлагуудыг эрх бүхий байгууллагуудад явуулахаар боллоо. Харин “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хийгдэж буй Хатгалын шинэ хогийн цэг, цэвэрлэх байгууламжийн ажлын гүйцэтгэл дуусах шатандаа орсон байна.

 

 

  1. “Усжуулагч төгөл”-ийн нээлт болов. Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой, Усжуулагчдын өдрийг тохиолдуулан салбарын үе үеийн ажилтан, алба хаагчид, ахмадууд, эрдэмтэн судлаачид, хүндэт усжуулагчдадаа зориулан “Усжуулагч төсөл”-ийг ахмад усжуулагч н.Цэндсүрэн санаачлан Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар дэмжлэгтэйгээр усны мэргэжлийн байгууллага “Эрдэнэ дрийлэнг” компанийн хамт олон бүтээн байгуулсан. Энэхүү төглийн нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон бөгөөд салбарын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл оролцов.

“Усжуулагч төгөл” нь нийт 900 м2 талбайтай бөгөөд төглийн гол хэсэгт “Усны өвгөн” буюу “Цагаан өвгөн, Урт наст зургаа” хэмээх 3 метр өндөр гантиг чулуун сийлбэрийг байрлуулж, агч, улиас, хайлаас, голт бор, нарс гацуур, хүрэн монос, тэхийг шээг, цэцэрлэгийн сарнай зэрэг 20 гаруй төрлийн мод бут тарьж, бүрэн автомат, усны зарцуулалт багатай усалгааны систем суурилуулсан байна. Энэхүү төглийг бүтээн байгуулсан “Эрдэнэ дрийлэнг” компанийн хамт олонд талархал илэрхийлье.

https://water.gov.mn/news/homepage/200-%E2%80%9C%D1%83%D1%81%D0%B6%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%B3%D1%87-%D1%82%D3%A9%D0%B3%D3%A9%D0%BB%E2%80%9D-%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BD%D1%8D%D1%8D%D0%BB%D1%82-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2

Дээж бэлтгэх бичлэг

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР