Алсын хараа: Цэнхэр алт, Цэнгэг усаа хайрлая
Эрхэм зорилго: Дэлгэрмөрөн, Шишгэд голуудаа цэвэр цэнгэгээр нь үр хойчдоо өвлүүлэн үлдээх;
Сав газар нь Монгол орны хойт талд өндөр уулын бүсэд оршиж, физик газарзүйн хувьд Хангай, Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулст хэсэгт багтана. Сав газрын хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 3491м өндөр Бүрэнхаан уул, хамгийн нам цэг далайн түвшнээс дээш 1148 метрийн өндөрт өргөгдсөн Сэлэнгэ мөрний эх буюу олон голын бэлчир юм.
Дэлгэрмөрөн гол: Хөвсгөлийн Улаан тайгын нурууны өвөр хажуугаас эх авч зүүн урагш чиглэлээр урссаар Бүгсэй, Идэр, Чулуутын голуудтэй нийлэн Сэлэнгэ голын эх болно. Голын урт 445км.
Шишгэд гол: Хөвсгөлийн Улаан тайгын нурууны хойт хажуугийн Гун голоос эх авч Дархадын хотнорын олон нуурыг дамжин хойш урссаар улсын хил даван Енисей мөрний эх болдог. Голын урт 341км.
Шишгэд голын сав газрын хэмжээнд:
Шишгэд голын газрын доорх усны нөхөн сэргээгддэг нөөц: Нөөцийн зонхилох хэсэг нь Арсай, Шишхэд, Хөг, Шарга гэх мэт олон гол горхийн хөндий дагаж тархсан, хурдас дахь ус агуулагч үе давхрагаас тогтоно. Гадаргын болон газрын доорх усны олон жилийн дундаж Шишгэд голын сав газар дахь газрын доорх усны нөхөн сэргээгддэг нөөц нь 20095 ам км талбайд газрын доорх усны 2161 сая шоо метр нөхөн сэргээгддэг нөөцтэй байна. Шишгэд голын газрын доорх усны ашиглалтын баримжаат нөөц нь 20095 ам км талбайн хэмжээнд 206 сая м3/жил ашиглалтын баримжаат нөөцтэй байхаар тооцоо гарсан байна.
Дэлгэрмөрөн голын сав газрын хэмжээнд:
Дэлгэрмөрний сав газар дахь газрын доорх усны нөхөн сэргээгддэг нөөц: Сав газар дахь газрын доорх усны нөхөн сэргээгддэг нөөцийн зонхилох хэсэг нь тус голын хөндийн дагаж тархсан аллюви, пролювийн хурдас дахь ус агуулагч үе давхарга, мөн түүнчлэн шохойжсон, метаморф, интрүзев чулуулгаас зонхилж тогтсон ус агуулагч ан цавлаг 23017 ам км талбайд газрын доохр усны 435 сая шоо м нөхөн сэргээгддэг нөөцтэй. Дэлгэрмөрний сав газар дахь газрын доорх усны ашиглалтын баримжаат нөөц нь нутаг дэвсгэрийн нийт 23017 ам км талбайн хэмжээнд 229 сая м3/жил ашиглалтын баримжаат нөөцтэй байхаар тооцоо гарсан байна.
Гадаргын болон газрын доорх усны чанар:
Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газарт Байгаль орчны шинжилгээний 5 харуулын цэг байрлаж гадаргын усны чанар, бохирдол, гадаргын усанд нийлүүлж буй хаягдал бохир усны чанарын төлөв байдлыг тодорхойлохоор сар бүр усны сорьц авч усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойлдог.
Захиргаанаас хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд, үр дүн
- Дэлгэрмөрөн голын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Байгаль орчин, Аялал жуулчлалын Сайдын А/121 дүгээр тушаал, Шишхэд голын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Байгаль орчин, Аялал жуулчлалын Сайдын А/92 дугаар тушаалаар тус тус батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.
- Уламжлалт зан үйлээр дамжуулан байгаль хамгаалах, сайн туршлагыг дэлгэрүүлэх зорилгоор 2017 онд Хорьдол сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан ууланд “Хаан уул-Хатан усаа дээдэлье-2” сэдэвт явган аялал, 2019 онд “Уулын өндөр-усны эхээ дээдэлье” морин аялалыг зохиож байгуулж баримтат киног бүтээв.
- Хөвсгөл аймгийн Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоох ажлыг 2018 онд 14 суманд нийт 89 байршил сонгон, 15000 гаруй км зам туулж 321 цэг тэмдэглэн хээрийн хэмжилт, баталгаажуулалт хийж аймгийн ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор батлав.
- Аймгийн ИТХ-аас усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоосны дагуу хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх ажлыг жил бүр улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумдын Засаг даргатай хамтран 96 тэмдэгжүүлэлт хийсэн байна.
- Дэлгэрмөрөн, Шишхэд голын сав газрын гадаргын усны ус зүйн өөрчлөлтийн хяналт, усны тоо бүртгэлийн ажлыг нутгийн захиргааны байгууллагатай хамтран 2014-2022 онд жил бүр зохион байгуулж ажиллаж байна.
- Сав газрын хэмжээнд хөрс, ус бохирдуулагч нүхэн жорлон 14980 байна. Стандартын бус жорлонг өөрчлөх талаар иргэдэд мэдээлэл хүргэж ажилласнаар 2017-2021 онд 115 эко жорлон шинээр баригдаж, 3496 нүхэн жорлонг ариутгав.
2022 онд хийхээр төлөвлөж буй ажлууд:
- Дэлгэрмөрөн голын сав газрын УННМТөлөвлөгөө боловсруулж батлуулах;
- Цойцон нуурыг сэргээх төслийн багтай хамтарч ажиллах; Одоогийн байдлаар Цойцон нуурыг сэргээх ажлын зураг төслийн ажил явагдаж дууссан. 2022 онд үндсэн ажил хийгдэнэ.
- Дэлгэрмөрөн, Шишхэд голын сав газрын усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн болон хязгаарлалтын бүсийг шинэчлэн боловсруулах.