Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс түүхэндээ хоёр удаа Усны аж ахуйн яам байгуулж байв. 1965 онд Усны аж ахуйн яам байгуулсан ч дөрвөн жилийн дараа татан буулгажээ. Дараа нь 1971-1981 он хүртэл мөн усны яамтай байсан. Харин 1990-ээд оноос хойш усны салбар эзэнгүйдэж байсан бол 2006 онд Усны асуудал хариуцсан газар байгуулж, 2012 оноос татан буулгаж, БОАЖЯ-ны харьяанд үйл ажиллагаа явуулж байв. Харин энэ оны 4-р сарын 1-нд Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар” байгуулахаар шийдвэрлэсэн. Шинээр байгуулагдсан Усны газар ямар бодлого, зорилттой ажиллаж байгаа талаар тус газрын дарга Ш.Мягмартай ярилцлаа. 

 

-Усны бодлого яагаад чухал вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

 

-Аливаа улс үндэстэн, хот суурин газрын тогтвортой хөгжил, аюулгүй байдлын баталгаа бол усны асуудал юм. Усны зөв менежмент, сайн засаглалыг бэхжүүлснээрээ дэлхийн улс орнууд хөгжиж байна. Эртний түүх шастираас үзэхэд ямар ч улс, хот суурин, балгад гол усаа даган байрласан байдаг.  Европ тивийн Дунай, Рейн, Африк тивийн Нил мөрнийг дагаад хэчнээн олон хот суурин байдаг билээ. Манай улсын эртний нийслэл Хархорин Орхоны хөндийд байсан бол Улаанбаатар хот маань Да хүрээ, Нийслэл хүрээ, Өргөө гээд л олон нэрийг олж олон удаа нүүдэллэхдээ хамгийн сүүлд  “Алтан тэвшийн хөндий” гэж нэрлэсэн Туулын хөндийд ирж суурьшсан. Ер нь хөгжсөн, хөгжингүй орнуудыг харахад хязгаарлагдмал усны нөөцөө зөв ашиглаж, зөв хэрэглэж, хуримтлуулж, усны үр шимийг хүртэхийн зэрэгцээ усыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадаж байгаад л гол асуудал нь байгаа юм.

 

Дэлхийн бөмбөрцгийн ихэнх хэсэг нь ус гэхдээ далайн давстай ус байна. Нийт усны 2.5 хувийг унданд хэрэглэх боломжтой цэвэр ус. Түүнээс тодорхой хэсэг нь Арктик болон Антарктидад мөс хэлбэрээр байдаг.

 

Манай орны хувьд Төв Азийн тэгш өндөрлөг газарт, далай тэнгисээс алс хол оршдог бөгөөд  эх газрын эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам нутагтай усны нөөцийн тархалт нь жигд бус, усны нөөцийн 70 гаруй хувь нь нутгийн хойд хэсэгт буюу Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөл, Хянганы нуруу зэрэг өндөр уулын бүсэд бүрэлдэн бий болдог.

 

Мөн манай орны нэг онцлог нь нийт гол мөрний  60  гаруй хувь нь гадагш урсан гардаг. Жишээ нь, олон жилийн дунджаар үзэхэд Сэлэнгэ мөрнөөр нэг секундэд 335 метр куб ус ОХУ руу урсдаг.

 

-Тэгэхээр манай орны хувьд өргөн уудам нутагтаа усны ямар менежмент хийх ёстой вэ. Ямар бодлого боловсруулах нэн шаардлагатай гэж үзэж байгаа вэ?

 

-Нэгдүгээрт, бид хүн амаа чанарын шаардлага хангасан баталгаатай ундны усаар хангана. Хоёрдугаарт, Монгол орны онцлог болох хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, нүүдлийн мал аж ахуйгаа усаар хангана. Гуравдугаарт, улс орон хөгжихийн тулд үйлдвэр, уурхай, эрчим хүч зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдээ хөгжүүлэх шаардлагатай учир үйлдвэр, уурхайг усаар хангана. Дөрөвдүгээрт,  байгалийн экологийн тэнцлийг хангана. Байгальд байх ёстой усны нөөцийг заавал үлдээнэ. Тэгснээрээ ургамал амьтан, хөрс, мод зүлэг бүгд ургаж, тэжээн тэтгэгдэж байдаг онцлогтой. Тавдугаарт, усны сайн засаглал буюу усны зөв менежментийг бүх шатанд хэрэгжүүлэх бодлогыг баримталж  байгаа.

 

-Эрдэмтэн судлаачид дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн уг үндэс нь байгаль дахь усны эргэлтийн өөрчлөлт доголдол гэж тодорхойлж байна. Ер нь, манай орны усны нөөцөд ямар хувьсал өөрчлөлт ажиглагдаж байна вэ?

 

-Монгол орны нутаг дэвсгэрт олон жилийн дунджаар жилдээ 564.8 км куб усны нөөц бүрэлдэн бий болдог. Үүний 500 км куб нь нуур тойромд байна.  Гэхдээ Хөвсгөл нуур дангаараа нууруудын усны нөөцийн 70  гаруй хувийг эзэлж байх жишээтэй. Харин гол горхи 34.6 км куб, газрын доорх ус 10.8 км куб, мөнх цас мөсөн гол 19.4 метр куб байгаа юм. Мөнх цас, мөсөн голын хувьд сүүлийн 20 гаруй жилийн судалгаагаар талбай нь  нэлээн багасаж, зузаан нь нимгэрч байна гэсэн судалгаа гарсан. Судалгааны үр дүнд мөнх цас мөсөн голын хэмжээ хуучин 64.8 байсан бол одоо 19.4 болтлоо багассан. Тэгэхээр энэ нь уур амьсгалын өөрчлөлт маш эрчимтэй явагдаж байгааг харуулж байна. Үүний нэг баталгаа нь манай орны баруун бүсэд буюу өндөр уулын бүсэд намар орой голууд их үерлэж байгаа нь мөнх цас, мөсөн голуудын хайлж байгаагийн тод илрэл юм.

 

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ыг байгууллаа. Энэ нь ямар онцлог, ач холбогдолтой вэ?

 

-Манай агентлаг байгуулагдсанаараа Монгол орны усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, төрийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж ойлгож болно. Усны салбар үүсээд 82 жил болж байна. 1938 онд Мал аж ахуйн яамны дэргэд “Усны департмент”-ыг үүсгэн байгуулснаар орчин цагийн усны шинэ салбар үүссэн түүхтэй. Энэ хугацаанд усны аж ахуйн яам, агентлагтай байсан. 2012 онд тухайн үеийн Шинэчлэлийн Засгийн газрын үед төсвийн хэмнэлт нэрээр усны агентлагийг татан буулгаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэг газар болгосон. Өнөөдөр ус хэрэглэдэггүй салбар яам, агентлаг байхгүй. Одоогоор усны асуудал 11 яаманд харьяалагдаж байна. Хот суурины ус хангамж Барилгын яаманд, рашаан, усны чанарын асуудал Эрүүл мэндийн яаманд, усны эрчим хүчний асуудал Эрчим хүчний яаманд, үйлдвэр уул уурхайн ус хангамж Уул уурхайн яаманд, хөдөө аж ахуй бэлчээрийн усан хангамж Хөдөө аж ахуйн яаманд, ус бол байгалийн нөөц баялаг гэдэг утгаараа Байгаль орчны яаманд  харьяалагддаг. Салбар болгон өөрсдийн үйл ажиллагаанд таарсан бодлого боловсруулдаг.

 

Усны газрын хувьд, Монгол орны усны нөөц байгалийн жамаар нөхөн сэргэх чадварт нь тохирсон, салбар дундын уялдаа холбоог хангасан, улс орны тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн усны нөөцийн менежмент төлөвлөлтийг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн улсын төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарч ажиллана.

 

Ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбогдуулан усны нөөцөө нэмэгдүүлэх, хуримтлуулах, ус дутагдалтай байгаа аймаг сум, аж ахуйн нэгж, үйлдвэр уурхайг чанарын шаардлага хангасан баталгаатай, хүрэлцээтэй усаар цаг хугацаанд нь хангах зорилго тавьж байгаа. Түүнчлэн усны чанар, аюулгүй байдлын асуудлыг анхаарч ажиллах цаг нь болжээ.

 

Уур амьсгал сүүлийн жилүүдэд маш эрчимтэй өөрчлөгдөж байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр, 100 жилийн хугацаанд дэлхийн цаг агаар 0,7-0,8 градусаар дулаарсан гэсэн тооцоо байна.

 

Гэтэл манайд 1940-өөд онд анхны цаг уурын станцыг байгуулснаас хойших 75 жилийн хугацаанд 2.25 градусаар дулаарсан байна. Тэгэхээр энэ нь дэлхийн дунджаас бараг гурав дахин их тоо юм.  Тиймээс манай орон уур амьсгалын өөрчлөлтөд автах өндөр эрсдэлтэй гэсэн үг.

 

2019 онд хийсэн усны тоо баримтын дүн мэдээнээс үзэхэд, Монгол Улсад 264 гол горхи, 704 булаг шанд, 286 нуур тойром ширгэсэн гэсэн судалгаа гарсан. Усны тоо бүртгэлийг тогтмол явуулж газар дээр нь хэмжилт хийхээс гадна хиймэл дагуулын мэдээллийг ашиглан дүн шинжилгээ хийхийг  зорьж байна. Нөгөө талаас гол горхи, нуур тойром, булаг шандны усны нөөц байгаа ч чанар нь бохирдох юм бол хэрэглэхэд тохиромжгүй болно. Тиймээс ашиглагч нь хамгаалах, бохирдуулагч нь төлөх зарчмын дагуу ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг  хэрэгжүүлж байна.

 

Уг хуулийн мөн чанар нь их бохирдуулбал их төлнө, бага бохирдуулбал бага төлөхөөс гадна тухайн аж ахуйн нэгж бага оврын цэвэрлэх байгууламж бариад хаягдал усаа стандартын хэмжээнд цэвэршүүлж байвал 3 жил хүртэл ус бохирдуулсны төлбөрөөс чөлөөлөгдөхөөр байгаа.    

 

-Усны асуудалтай ямар аймгууд байна, асуудлыг шийдвэрлэх ямар гарц байгаа вэ?

 

-Монгол Улс 21 аймаг 330 гаруй сумтай. Аймгийн төвүүдийн хувьд хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн усан хангамжийн хайгуулыг 2 жилийн өмнө хийсэн. Ерөнхийдөө аймгийн төвүүдийн хувьд харьцангуй гайгүй. Хэдийгээр ус байгаа ч гэсэн чанарын хувьд хүн амын ундны усны стандартын шаардлага хангахгүй тохиолдол гардаг. Тиймээс ариутгах, халдваргүйтгэх, зөөлрүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмж тавьж ашигладаг тохиолдол бий. Сум суурин газруудын 34 сум ундны усны стандартын шаардлага хангахгүй байгаа.

 

Сүүлийн жилүүдэд хоёр суманд усны эрэл хайгуул хийснээс гадна одоогоор 32 сумын төвийг эрэл хайгуул хийж, хүн амыг чанарын шаардлага хангасан баталгаатай ундны усаар хангах зорилт тавьсан. Чанар муутай усыг урт удаан хугацаанд хэрэглэснээр хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Эрдэс давс ихтэй, хатуулаг өндөртэй усыг удаан хугацаагаар хэрэглэхэд зүрх судасны өвчтэй болно, судас нарийсна, бөөр чулуужна, арьсан дээр нөсөө толбо их гарна гэсэн судалгааг эрүүл мэндийн байгууллагаас хийсэн байдаг. Усны чанарыг зөөлрүүлснээр нэлээн үр дүнд хүрнэ.

 

Өмнөх нийгмийн үед манай усны бодлого голдуу хөдөө аж ахуйн усан хангамж, бэлчээрийн усан хангамж тал руугаа эрчимтэй явагдсан. Харин одоо хүмүүнлэг ардчилсан нийгмийн үед хүнийхээ усан хангамжийг нэгдүгээрт тавьдаг болсон. 2025 он гэхэд нийт хүн амын 90 хувийг чанарын шаардлага хангасан баталгаатай усаар хангана гэсэн томоохон зорилго тавьж байгаа.

 

-Тэгэхээр, нэн тэргүүнд ямар ажлыг эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа вэ?

 

-Ер нь, хамгийн эхний ээлжинд агентлагийн хийх ажил бол олон зориулалттай усан боомтуудыг барьж ард иргэд, мал аж ахуй, үйлдвэр уурхайгаа усаар хангах, экологийн тэнцлийг хангах боломжийг бүрдүүлэх бодлогыг баримталж байгаа. Өнгөрсөн жил Монгол орны томоохон голууд дээр урсцын тохируулга судалгаа хийсэн. Өнөөдрийн байдлаар монгол орны 12 томоохон гол дээр 33 байршилд олон зориулалттай усан сан байгуулах боломжтой гэсэн судалгааг гаргаж боломжит байршлуудыг бид Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсан. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар энэ асуудлыг маш их дэмжиж байгаа. Эхний ээлжинд 10 аймагт, 10 гол дээр бага оврын усан сан, усан цахилгаан станц байгуулах боломжийг нарийвчлан судалж байна. Ерөнхийлөгч хэд хоногийн өмнө Говь-Алтай аймагт айлчлахдаа Тайширын усан цахилгаан станцыг очиж үзсэн.

 

Завхан гол дээр Тайширын боомтыг барьснаар  1.2 тэрбум метр куб ус хуримтлуулсан 20-иод км урт,  4.5 км өргөн, 80-аад метрийн гүнтэй усан сан үүссэн. Одоо тэндээс дунджаар 7-11  мегават цахилгаан эрчим хүч гаргаад Завхан, Говь-Алтай аймаг болон олон сумдыг хангаж байна. Мөн 50 гаруй км урт шугамаар Говь-Алтайн төв Есөнбулаг сумыг чанарын шаардлага хангасан ундны усаар хангахаар бүтээн байгуулалт хийж байна.


Тус сумын ундны ус их хатуулагтай, эрдэс давс ихтэй, тодорхой хэмжээгээр бохирдолтой учраас сургуулийн хүүхдэд халдварт өвчин гарч байсан. Одоо цэвэр, тунгалаг сайхан усыг хэрэглэхээр тухайн иргэд, оршин суугчид эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа нь сайжирна. Тэгээд нутгийн иргэдийн урт удаан, сайхан аюулгүй амьдрах нөхцөл бүрэлдэнэ гэж бид үзэж байгаа юм.

 

-Шинээр байгуулагдсан Усны газарт бэрхшээл хүндрэл тулгарч байна уу?

 

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орны эдийн засаг сайнгүй байгаатай холбогдуулан улсын төсвийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх ажлын хэмжээ багассан. Гэхдээ бид байгаа нөөц бололцоондоо тохируулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, Усны газарт 30-аад хүн ажиллаж байгаа. Хөдөө орон нутагт 21 сав газрын захиргаанд нийтдээ 200-аад хүн ажиллаж байна. Жил бүр улсын төсөвт усны нөөцөөс төлбөрийн орлого 45-48 тэрбум төгрөг ордог юм. Уг нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд зааснаар усны нөөц ашигласны 35-аас доошгүй хувийг усны нөөцийг нөхөн сэргээх, хамгаалахад зарцуулна гэдэг. Гэтэл энэ хууль хэрэгжихгүй байгаа. Яагаад гэхээр тухайн орон нутгийн төсвийн цоорхойг нөхөх маягаар явдаг. Тэгэхээр хууль хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

 

-Дэлхийн бусад нийслэл усны асуудлаа хэрхэн шийддэг юм бол?

 

-Дэлхийн томоохон хотууд тэр дундаа нийслэл хотуудын хувьд, усны асуудал маш том чухал асуудлын нэг нь болсон. Жил гаруйн өмнө гэхэд Өмнөд Африкийн нэг том хотод усны нөөцөө хязгаарлаж усыг цагийн хуваарьтай өгч байсан, усанд орох хугацааг хязгаарлаж байсныг та санаж байгаа байх. Хамгийн ойрхоны жишээ гэхэд, БНХАУ-ын нийслэл Бээжин хотын ус хангамжийг асар холоос шугам хоолойгоор татаж хангаж байна. Тухайлбал, БНХАУ Хөх мөрөн дээр Гурван хавцлын боомт гэж маш том боомт барьсан. Түүнээс маш их усны эрчим хүчийг гарган авч байна, тэндээс 1000 гаруй км шугам хоолойгоор Бээжин хотыг усаар хангаж байна.

 

Манай Улаанбаатар хотын хувьд Туулын хөндийн дагуу байрлах 218 гүний худгийн усаар хангаж байна.

 

-Манай улсын усны бодлогын нэг чухал тулгамдсан асуудал нь нийслэлийн ундны усны хангамж. Яг өнөөгийн байдлаар нийслэлийн хүн амын ундны усаар хангахад ямар байдалтай байна вэ, арай тодорхой мэдээлэл өгнө үү?

 

-Улаанбаатар хотыг анх төлөвлөхдөө 500 мянган хүн амтай байхаар байгуулсан юм билээ. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод нийт хүн амын бүртгэлтэй 44 хувь нь амьдран сууж байна. Хичээл сургууль эхлээд оюутан сурагч ирэхээр бараг 50 гаруй хувь нь төвлөрдөг.  Түрүүн хэлсэнчлэн Улаанбаатар хотын хувьд Туулын хөндийд байгаа гүний худгууд, долоон эх үүсвэрээс усыг олборлож ариутган цэвэрлээд хүн амаа хангаж байна. Хоногт дунджаар 150-170 мянган метр куб усыг олборлон, 580 гаруй км шугамаар усыг иргэдэд түгээж байгаа. Мөн гэр хороололд 646 ус түгээх байр бий. Цаашдаа Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр аж ахуйн газар энэ маягаар өсөн нэмэгдэх юм бол хэт төвлөрөл бий болно.

 

2015 онд хийсэн Улаанбаатар хотын усны нөөцийг хянан баталгаажуулах судалгааны ажлын үр дүнд хүн ам, үйлдвэр аж ахуйн газрууд өнөөдрийн байдлаар хурдацтай өсөн нэмэгдэх тохиолдолд 2028 он гэхэд Улаанбаатар хотын батлагдсан усны нөөц эрэлт хэрэгцээ тэнцэхээр байгаа.

 

-Тэгвэл цаашдаа Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах ямар боломж байна вэ?

 

-Мэдээж бид зүгээр суугаагүй, энэ асуудлыг шийдэх хэд хэдэн боломжит хувилбарыг судалж гаргасан. Тухайлбал, Туул гол дээр олон зориулалттай усан цогцолбор барьж  гадаргын усыг хуримтлуулан Улаанбаатар хотын өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээг хангах, мөн газрын доорх усыг ашиглаж усны нөөцийг нэмэгдүүлэх боломжийг судалсан. Эдгээр төслийг АНУ-ын Мянганы сорилтын санд танилцуулсан. Мянганы сорилтын сан аливаа төслийг хэрэгжүүлэхдээ хугацаа, төсөвт өртөг зэрэг олон зүйлийг ихэд анхаардаг юм байна. Эхний буюу Туул усан цогцолбор төслийн хувьд 8-10 жилийн хугацаанд уг төслийг хэрэгжүүлэхээр байсан тул хугацаа их урт байгаа, мөн нийт төсөвт өртөг нь өндөр байсан тул татгалзсан. Харин Улаанбаатар хотын хүн амыг газрын доорх усаар хангах төслийг дэмжсэн. 

 

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байгаа. Тус төсөл гурван хэсэгтэй. Ус хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Биокомбинат болон Шувуун фабрик орчимд ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулна. Тэндээс жилдээ 51 сая метр куб ус хэрэглэх боломжийг тогтоогоод байна. Мөн Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулна. Дараагийн ажил нь Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барина. Төв цэвэрлэх байгууламжид цэвэрлэсэн хаягдал усыг тус үйлдвэрт дахин боловсруулж, цэвэршүүлээд дулааны цахилгаан станцын хөргөлтөд өгнө. Дулааны 3,4 дүгээр цахилгаан станцын техникийн хэрэгцээнд хоногт 50 мянган метр куб дахин боловсруулсан усыг өгснөөр жилдээ 18 сая метр куб гүний усыг хэмнэх боломжтой болно. Гурав дахь нь усны уян дэд бүтэц буюу усны засаглалыг бэхжүүлэх юм. Үүнд Усны салбарын холбогдох газрууд хамрагдана.

 

Тодруулга:

-Дэлхий дээр байгаа нийт усны 1 хувийг цэвэр ус эзэлдэг.

-Дэлхий дээр ойролцоогоор 1.5 тэрбум хүн ундны цэвэр усны хангамжгүй амьдарч байна.

-Жил бүр ойролцоогоор 4 сая хүн уснаас шалтгаалсан өвчнөөр нас барж байна.

-Манай орны цэнгэг усны нөөц 2050 онд дуусаж болзошгүй.

-2019 онд 81 гол мөрөн сэргэж, 297 гол мөрөн ширгэж үгүй болжээ.

-Жинсэн өмд хийхийн тулд 10977 литр ус ашигладаг байна.

-Усыг үйлдвэрлэдэггүй, савладаг.

-Ус бол хорвоо дэлхийн хамгийн энгийн мөртлөө хамгийн гайхамшигт эрдэс.

-Байгаль дээр гарал үүсэл найрлагаараа ялгагдах 1330 төрлийн ус байдаг.

 

Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/239729?fbclid=IwAR3MLjwjYBkuJj-cB_LmcBlehKz812Ed-mPvetAogjM_n3yLDh8IaHN1ekU

Дээж бэлтгэх бичлэг

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР