Дөнгөж сая дээд шүүхийн хуралдааны танхимд Риверстөүн пропортийз ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол улсын ЗГ-ын 2013 оны 326, 327-р тогтоолын тодорхой хэсгүүдийг хүчингүйд тооцох хурал давж заалдах журмаар болж, Монгол улсын ЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож яллаа, буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Ийнхүү хуучин Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank -ны барилгын оронд барьж буй барилгын 2021 оноос хойш урсгаж буй усандаа төлбөр төлөх боллоо. Ус, усны нөөц ялалт байгууллаа.
Манай Монгол Улсын дээд шүүх -ийн шүүгч нар үнэхээр чадварлаг, асуудлын голыг олж харж чаддаг, талуудын байр суурийг тэгш сонсож, үнэхээр гайхамшигтай сайхан асуултуудыг асуух замаар шударга үнэнийг тогтоох бүрэн чадвартай болохоо дахин нотлон харууллаа. (өөрөө шүүх шүүх хуралд орчихоод ингэж хэлж буй хэрэг биш, үнэхээр бодит байдал энэ, та бүхэн шүүх хурлын бичлэгээс үзээрэй.)
Шүүх ЗГ-ын 2013 оны усны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тогтоолуудыг хууль зөрчөөгүй болохыг тогтоосон, гэхдээ эдгээр тогтоолыг шинэчлэх, олон нийтээр хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг шүүх тогтоолдоо тэмдэглэх тухай мэдэгдлээ. Энэ үнэхээр үнэн бид усны төлбөрийн хувь хэмжээг байнга шинэчилж, олон түмэнд нээлттэй бас ойлгомжтой байдлаар тодорхойлох ёстой.
Олон жилийн дараа дээд шүүхийн хуралдааны танхимд эргэн орж шүүх хуралд оролцох, тэр тусмаа усны эрх зүйн тухай мэтгэлцэх тун сайхан байлаа. Нэхэмжлэл гаргаж ийм боломж олгосон, усны эрх зүйн хөгжилд хувь нэмэр оруулж эргэлзээгээ тайлсан нэхэмжлэгч талд, олон талаас нь шүүн тунгааж шийдвэр гаргасан шүүгч нартаа баярлалаа.
Усны нөөцөө хамгаалан, зүй зохистой ашиглах, ирээдүй хойч үедээ уух усыг нь үлдээх бүх нийтийн үйлсэд ус ашиглагч ч,
шүүх байгууллага ч оролцоно, учир нь ус, усны нөөц ганцхан биднийх, бидний үр хойчийнх...