Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс түүхэндээ хоёр удаа Усны аж ахуйн яам байгуулж байв. 1965 онд Усны аж ахуйн яам байгуулсан ч дөрвөн жилийн дараа татан буулгажээ. Дараа нь 1971-1981 он хүртэл мөн усны яамтай байсан. Харин 1990-ээд оноос хойш усны салбар эзэнгүйдэж байсан бол 2006 онд Усны асуудал хариуцсан газар байгуулж, 2012 оноос татан буулгаж, БОАЖЯ-ны харьяанд үйл ажиллагаа явуулж байв. Харин энэ оны 4-р сарын 1-нд Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар” байгуулахаар шийдвэрлэсэн. Шинээр байгуулагдсан Усны газар ямар бодлого, зорилттой ажиллаж байгаа талаар тус газрын дарга Ш.Мягмартай ярилцлаа.  

-Усны бодлого яагаад чухал вэ гэдгээс яриагаа эхлэх үү? 

-Аливаа улс үндэстэн, хот суурин газрын тогтвортой хөгжил, аюулгүй байдлын баталгаа бол усны асуудал юм. Усны зөв менежмент, сайн засаглалыг бэхжүүлснээрээ дэлхийн улс орнууд хөгжиж байна. Эртний түүх шастираас үзэхэд ямар ч улс, хот суурин, балгад гол усаа даган байрласан байдаг.  Европ тивийн Дунай, Рейн, Африк тивийн Нил мөрнийг дагаад хэчнээн олон хот суурин байдаг билээ. Манай улсын эртний нийслэл Хархорин Орхоны хөндийд байсан бол Улаанбаатар хот маань Да хүрээ, Нийслэл хүрээ, Өргөө гээд л олон нэрийг олж олон удаа нүүдэллэхдээ хамгийн сүүлд  “Алтан тэвшийн хөндий” гэж нэрлэсэн Туулын хөндийд ирж суурьшсан. Ер нь хөгжсөн, хөгжингүй орнуудыг харахад хязгаарлагдмал усны нөөцөө зөв ашиглаж, зөв хэрэглэж, хуримтлуулж, усны үр шимийг хүртэхийн зэрэгцээ усыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадаж байгаад л гол асуудал нь байгаа юм.

Дэлхийн бөмбөрцгийн ихэнх хэсэг нь ус гэхдээ далайн давстай ус байна. Нийт усны 2.5 хувийг унданд хэрэглэх боломжтой цэвэр ус. Түүнээс тодорхой хэсэг нь Арктик болон Антарктидад мөс хэлбэрээр байдаг. 

Манай орны хувьд Төв Азийн тэгш өндөрлөг газарт, далай тэнгисээс алс хол оршдог бөгөөд  эх газрын эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам нутагтай усны нөөцийн тархалт нь жигд бус, усны нөөцийн 70 гаруй хувь нь нутгийн хойд хэсэгт буюу Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөл, Хянганы нуруу зэрэг өндөр уулын бүсэд бүрэлдэн бий болдог.

Мөн манай орны нэг онцлог нь нийт гол мөрний  60  гаруй хувь нь гадагш урсан гардаг. Жишээ нь, олон жилийн дунджаар үзэхэд Сэлэнгэ мөрнөөр нэг секундэд 335 метр куб ус ОХУ руу урсдаг. 

-Тэгэхээр манай орны хувьд өргөн уудам нутагтаа усны ямар менежмент хийх ёстой вэ. Ямар бодлого боловсруулах нэн шаардлагатай гэж үзэж байгаа вэ?

-Нэгдүгээрт, бид хүн амаа чанарын шаардлага хангасан баталгаатай ундны усаар хангана. Хоёрдугаарт, Монгол орны онцлог болох хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, нүүдлийн мал аж ахуйгаа усаар хангана. Гуравдугаарт, улс орон хөгжихийн тулд үйлдвэр, уурхай, эрчим хүч зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдээ хөгжүүлэх шаардлагатай учир үйлдвэр, уурхайг усаар хангана. Дөрөвдүгээрт,  байгалийн экологийн тэнцлийг хангана. Байгальд байх ёстой усны нөөцийг заавал үлдээнэ. Тэгснээрээ ургамал амьтан, хөрс, мод зүлэг бүгд ургаж, тэжээн тэтгэгдэж байдаг онцлогтой. Тавдугаарт, усны сайн засаглал буюу усны зөв менежментийг бүх шатанд хэрэгжүүлэх бодлогыг баримталж  байгаа.

-Эрдэмтэн судлаачид дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн уг үндэс нь байгаль дахь усны эргэлтийн өөрчлөлт доголдол гэж тодорхойлж байна. Ер нь, манай орны усны нөөцөд ямар хувьсал өөрчлөлт ажиглагдаж байна вэ? 

-Монгол орны нутаг дэвсгэрт олон жилийн дунджаар жилдээ 564.8 км куб усны нөөц бүрэлдэн бий болдог. Үүний 500 км куб нь нуур тойромд байна.  Гэхдээ Хөвсгөл нуур дангаараа нууруудын усны нөөцийн 70  гаруй хувийг эзэлж байх жишээтэй. Харин гол горхи 34.6 км куб, газрын доорх ус 10.8 км куб, мөнх цас мөсөн гол 19.4 метр куб байгаа юм. Мөнх цас, мөсөн голын хувьд сүүлийн 20 гаруй жилийн судалгаагаар талбай нь  нэлээн багасаж, зузаан нь нимгэрч байна гэсэн судалгаа гарсан. Судалгааны үр дүнд мөнх цас мөсөн голын хэмжээ хуучин 64.8 байсан бол одоо 19.4 болтлоо багассан. Тэгэхээр энэ нь уур амьсгалын өөрчлөлт маш эрчимтэй явагдаж байгааг харуулж байна. Үүний нэг баталгаа нь манай орны баруун бүсэд буюу өндөр уулын бүсэд намар орой голууд их үерлэж байгаа нь мөнх цас, мөсөн голуудын хайлж байгаагийн тод илрэл юм.

 -Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ыг байгууллаа. Энэ нь ямар онцлог, ач холбогдолтой вэ?

 

 

-Манай агентлаг байгуулагдсанаараа Монгол орны усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, төрийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж ойлгож болно. Усны салбар үүсээд 82 жил болж байна. 1938 онд Мал аж ахуйн яамны дэргэд “Усны департмент”-ыг үүсгэн байгуулснаар орчин цагийн усны шинэ салбар үүссэн түүхтэй. Энэ хугацаанд усны аж ахуйн яам, агентлагтай байсан. 2012 онд тухайн үеийн Шинэчлэлийн Засгийн газрын үед төсвийн хэмнэлт нэрээр усны агентлагийг татан буулгаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэг газар болгосон. Өнөөдөр ус хэрэглэдэггүй салбар яам, агентлаг байхгүй. Одоогоор усны асуудал 11 яаманд харьяалагдаж байна. Хот суурины ус хангамж Барилгын яаманд, рашаан, усны чанарын асуудал Эрүүл мэндийн яаманд, усны эрчим хүчний асуудал Эрчим хүчний яаманд, үйлдвэр уул уурхайн ус хангамж Уул уурхайн яаманд, хөдөө аж ахуй бэлчээрийн усан хангамж Хөдөө аж ахуйн яаманд, ус бол байгалийн нөөц баялаг гэдэг утгаараа Байгаль орчны яаманд  харьяалагддаг. Салбар болгон өөрсдийн үйл ажиллагаанд таарсан бодлого боловсруулдаг.

Дээж бэлтгэх бичлэг

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР