Хяргас нуур нь Увс аймагт байрлах, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур. Тус нуурыг 2000 онд байгалийн цогцолборт газар болгож авсан бөгөөд нийт 3,328 км² нутгийг хамрана. Хяргас нуураас гадна Айраг нуур нь тус хамгаалалтад багтах ажээ.
Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж шар өнгөтэй болно. Зун, намрын ширүүн салхины улмаас давалгаа үүсч ёроолын лаг наанги хөндөгдөж, цутгал голуудын урсацаар ирэх хөвмөл элс, шороо ихсэх зэргээс шалтгаалан усны тунгалагшилт багасдаг. Өвлийн улиралд мөсөн бүрхүүл тогтож, динамик хөдөлгөөн багасаж, улмаар нуурын усны тунгалаг чанар ихэсдэг.


Байршил: Хяргас сум, Увс
Солбицол: 49°08′N, 93°25′E, 49.133°N, 93.417°E
Төрөл: Хаагдмал ай сав
Нуурт цутгах: Нуурын хоолойгоор дамжин Айраг нуураас
Ай савд багтдаг орон: Монгол Улс
Хамгаалалт: Байгалийн цогцолборт газар
Урт: 83 км
Өргөн: 31 км
Талбай: 1,481.1 км²
Дундаж гүн: 50.7 м
Хамгийн гүн цэг: 80 м
Усны хэмжээ: 75.2 км³
Усны хадгалагдах хугацаа: 54.2 жил
Хөвөөний түвшин: 1,035.29 м

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР